Эх сурвалж: news.mn, 2022.02.24
Автозам дээрээ амьдардаг анхны бөгөөд цор ганц улс бол Монгол. Түгжрэлийг бууруулна гэж үе, үеийн дарга нар дээш гарч ардынхаа замыг хаагаад ард олон нь зам дээрээ аж төрж байна гэлтэй. Монголд амьдрахгүй ганц том шалтгааныг нэрлэ гэвэл мэдээж автозамын түгжрэл гэнэ. Иргэдээ гадагшаа туучихгүйн тулд бидэнд түгжрэлийг бууруулах тооцоо судалгаа хэрэгтэй. Тиймээс Нийслэлийн Засаг даргын тамгын газраас авто замын түгжрэлийг бууруулах шийдлийн талаар иргэдийн дунд судалгаа явуулж, түүндээ үндэслэн тодорхой шийдвэрүүд гаргахаар зэхэж байгаа аж.
Уг судалгааны зарим үр дүнг танилцуулбал, замын хөдөлгөөнд оролцож буй иргэдийн 55 хувь нь хувийн автомашинтай замын хөдөлгөөнд оролцдог. Нэг үгээр бол, нийслэлийн хоёр хүн тутмын нэг нь машинтай аж. Иргэдийн унаж байгаа машинууд дунджаар 2008 он болон түүнээс доош онуудад үйлдвэрлэгдсэн байдаг байна.
Энэхүү судалгааны үр дүнг харвал хэд хэдэн хүчин зүйлсээс болж нийслэл тэг зогсолт хийх нөхцөл үүсгэж байна гэжээ.
Нэгд, гурван хүүхэд тутмын нэг нь харьяа сургуульдаа явдаггүй. Харин тэднийг хүргэж өгөхийн тулд хотын төв рүү явах иргэдийн 26 хувь нь хувийн унаагаар хүргэж өгдөг байна. Энэ нь түгжрэл үүсэхэд голлон нөлөөлдөг гэжээ.
Хоёрт, томоохон зах худалдааны төвүүдээс үүдэлтэй түгжрэл байна. Учир нь, нийслэлийн том гэх бүхий л худалдааны төвүүд хотын төвд байрладаг байна. Судалгааны дүнгээр хотын төв рүү орж буй иргэдийн 40 хувь нь худалдаа, наймаа хийх, дэлгүүр хэсэх гэж явдаг гэсэн тооцоо гарсан байна.
Гуравт, 10 өрх тутмын нэг нь такси үйлчилгээнд явдаг гэсэн байна. Тэгвэл нийслэлд 414 мянган өрх бий гэвэл 41400 машин нийслэлийн түгжрэлд томоохон нөлөө үзүүлж байна гэдгийг онцолсон байна.
Харин түгжрэлийг бууруулахын тулд ямар арга хэмжээ авбал үр дүнтэй вэ гэдгийг иргэдээс асуухад дараах таван саналыг хамгийн их хэлжээ. Үүнд:
Иргэдийн 61-76 хувь нь гэрийн ойролцоо цэцэрлэг, сургууль шинээр барьж, хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх,
Нарантуул, Хүчитшонхор, Бөмбөгөр, 100 айл зэрэг томоохон худалдааны төв, захуудыг дэд төвүүдэд тархаан байрлуулах,
Нийтийн тээврийн парк шинэчлэл хийх, метро их багтаамжит масс транзит барьж нэвтрүүлэх,
Авто замын сүлжээг нэмэгдүүлэх
Ухаалаг гэрлэн дохионы системийг нэвтрүүлж оргил цаг болон, ачаалалтай уулзваруудын хөдөлгөөнийг оновчтой зохицуулалтыг хийх зэрэг ажлуудыг хийвэл түгжрэл бууруулсан гэж үзнэ хэмээжээ.
Судалгаанд оролцсон иргэдийн 82 хувь нь 100 айлыг хотоос гаргах, 73-75 хувь нь Нарантуул захын өргөтгөлийг, Өгөөмөр захыг хотоос гаргаж задлахыг дэмжжээ. Нарантуул орчмын бүсийг хотоос гаргавал түгжрэлийг бууруулахад бодитой үр дүн гарна гэсэн байна.
Түүнчлэн, Нарантуул, Бөмбөгөр, 100 айл, Хүчитшонхор захуудад өдөртөө давтамжтайгаар 138 мянган иргэн үйлчлүүлдэг гэх тооцоо гарсан байна. Мөн иргэдийн дэмжиж буй метро их хэмжээий багтаамжит транзит хөнгөн галт тэрэг Яармагийн чиглэлд барих юм бол судалгаанд оролцогсдын 56 хувь нь Яармагт амьдрана гэжээ.
Нийслэлчүүд ярихдаа хувийн машинаас татгалзаж нийтийн тээвэр болон явганаар замын хөдөлгөөнд оролцвол түгжрэл буурах боломжтой гэлцдэг. Тэгвэл явган болон нийтийн тээврээр зорчиход гардаг хүндрэлүүдийн талаар судалгаанд оролцогчид ингэж хариулжээ. Үүнд:
-Автобусаар хэт олон хүн зорчдог тул шахдалцдаг, суудал олддоггүй.
-Автобусаар зорчиход тав тух муутай/хүйтэн, муухай үнэртэй, жолооч огцом тормозлодог гэх мэт/.
-Хүйтний улиралд автобус хүлээх хэцүү байдаг.
-Автобусны буудал хол байдаг.
-Зуны улиралд явган хүний зам усанд автдаг тул харайж,усаар туулах шаардлагатай.
-Авто замын хажуугаар явахад жолооч нар шавхай цацдаг гэх мэт хүндрэлүүд гардаг гэсэн байна.
Нэгэнт нийтийн тээвэр, явганаар явахад хүндрэлтэй байгаа тул бусад зохицуулалтыг хийх нь зүйтэй. Иймд нэгэн шийдэл байж болох бүсчлэлийн хураамж авахыг зөвшөөрөх үү гэх судалгааг хийхэд бүсчлэлийн хураамж 500 төгрөг авах болбол хотын төв рүү орох автомашинтай иргэдийн 30 хувь буюу 57.5 мянган иргэн нийтийн тээврээр үйлчлүүлэхийг илүүд үзнэ гэсэн хариулт өгсөн нь сайшаалтай юм.
Мөн буруу хүрдтэй машиныг хориглохыг дэмжихийг иргэдээс асуудахад дийлэнх нь дэмжинэ гэж хариулсан байна.
Гэхдээ нийслэлчүүдэд ганц бус багц шийдэл хэрэгтэй. Энэ мэтээр нэгдүгээр эгнээнд байрлуулсан иргэдийн автомашины ачилтын төлбөрийг 100 мянган төгрөг болговол нийт жолооч нарын 73 хувь нь хаа хамаагүй газар машинаа байрлуулж түгжрэл үүсгэхгүй гэх тооцоог энэхүү авто замын түгжрэлийг бууруулах шийдлийн судалгаанд дурджээ.
Иргэдийн дунд явуулсан энэхүү судалгааг үндэслэн түгжрэлийг бууруулах чиглэлд Нийслэлийн Засаг даргын тамгын газар болон Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас тодорхой шийдвэрүүдийг ирэх долоо хоногт гаргах юм байна.