Эх сурвалж: ikon.mn, 2022.02.10
Нийслэлийн нутаг дэвсгэрт 2018 онд уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдэгдсэн газрын тооллого судалгааг хийхэд нийт 2,412 га талбай эвдрэлтэй байгаа нь тогтоогдсон.
Тус эвдэгдсэн газрыг дүүрэг тус бүрээр ангилбал Багануурын уурхайн 1,179 га, Налайхын бичил уурхайн 667 га үүнээс 338 га талбай нь тодорхой эзэн холбогдогчгүй гар аргаар нүүрс олборлосны улмаас ухагдаж эвдэгдсэн, үлдсэн 566 га талбай нь түгээмэл тархацтай ашигт малтмалын олборлолтын улмаас эвдэгдсэн байна.
Эзэн холбогдогчгүй, нийтийн эзэмшлийн 338 га талбайгаас нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2018-2021 оны хооронд 124.7 га талбайг нөхөн сэргээсэн бөгөөд үүнээс 2021 онд Налайх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр “Их уурхайн” орчимд бичил уурхайн улмаас ухагдаж эвдэгдсэн 25 га талбайд мэргэжлийн эрх бүхий байгууллагаар нөхөн сэргээлтийг хийж гүйцэтгүүллээ.
Ингэснээр тодорхой эзэн холбогдогчгүй гар аргаар нүүрс олборлосны улмаас ухагдаж эвдэгдсэн 213.3 га талбай нөхөн сэргээгдээгүй үлдээд байгаа ба цаашид үе шаттай нөхөн сэргээлтийг хийхээр төлөвлөн ажиллаж байна.
2021 онд Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/143 дугаар захирамжийн хүрээнд “Нөхөн сэргээлт-2024’’ арга хэмжээний хүрээнд түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй 29 аж ахуйн нэгж 31.41 га талбайд техникийн, 8.43 га талбайд биологийн нөхөн сэргээлтийг хийж гүйцэтгүүлэн, ажлын хэсэг хүлээн авсан.
Мөн нийслэлийн Налайх, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргүүдийн нутаг дэвсгэрт эвдэрч эзэнгүй орхигдсон газрын нөхөн сэргээлтийг өөрийн хөрөнгөөр хийх хүсэлт гаргасан 2 иргэн, 5 аж ахуйн нэгжтэй 16.25 га талбайг нөхөн сэргээлгэхээр “Газрын хэвлийг нөхөн сэргээх тухай гэрээ”-г байгуулж, нөхөн сэргээгээд байна.
Тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгж болон иргэдээс гадна нийслэлийн Байгаль орчны газрын даргын 2021 оны А/109 дүгээр тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 184 дүгээр тогтоолд тусгасны дагуу Улиастайн уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх авто замын ажилд дайрга ашиглах, нөхөн сэргээх тухай №БО-2019/24 дугаартай гэрээг байгуулсны дагуу Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 8.9 га, 12.3 га, 29.2 га нийт 50.4 га талбайд газрын хэвлийн нөхөн сэргээлтийг хийж гүйцэтгүүллээ.
Ингэснээр нийслэлийн нутаг дэвсгэрт 2021 оны байдлаар нийслэлийн төсвийн хөрөнгөөр болон хоёр иргэн, 32 аж ахуйн нэгжийн хөрөнгөөр нийт 131.49 га талбайд техникийн 83.83 га талбайд нь биологийн нөхөн сэргээлтийг тус тус хийлгэж ажиллалаа.