“Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн парк” ОНӨТҮГ-ын нэр өөрчлөгдөв

Эх сурвалж: ikon.mn,  2022.03.25





“Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн парк” ОНӨТҮГ-ыг “Эмээлт эко аж үйлдвэрийн парк” НӨААТҮГ болгон өөрчиллөө. Энэ шийдвэрийг өчигдөр НИТХ-аас гаргажээ.


Эко парк нь бизнес инкубатор, үйлдвэр сургалтын төв, тээвэр, хөнгөн үйлдвэр, худалдааны төв, агуулахын аж ахуй, газар тариалан, мал аж ахуй, ойн аж ахуй, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, судалгаа үнэлгээ хийх зэргээр үйл ажиллагаа явуулах юм байна.


Нийслэлийн Засаг даргын Барилга, орон сууц, үйлдвэр, технологийн паркийн асуудал хариуцсан орлогч Б.Сүхбаатар “Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн парк” ОНӨТҮГ нь 2014 онд байгуулагдсан. Энэ хугацаанд үерийн усны барилга байгууламж, борооны ус цуглуулах төв шугамын зураг төсөв, паркийн хамгаалалтын бүсийн зураг төсөв, паркийн дотор инженерийн шугамын зураг төсөв, технологийн усан хангамжийн зураг төсөв, гидрогеологийн  судалгаа зэрэг ажлыг гүйцэтгэж ирсэн.


Тус газрыг “Эмээлт эко аж үйлдвэрийн парк” нийслэлийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар болгон өөрчлөн байгуулах санал гаргаж, дүрмийг шинэчлэн боловсрууллаа. Ингэснээр дэлхийн жишигт нийцсэн хөдөө аж ахуйн паркийг байгуулах замаар Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, эдийн засгийн өрсөлдөх чадвар, ажлын байрыг нэмэгдүүлэх, экспортын чиг баримжаатай бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэх юм” гэв.