Сүхбаатарын хөшөө



1946 онд уг хөшөөг барьж МАХН-ын төв хороо, Сайд нарын зөвлөлийн 13/3 дугаар тогтоолоор төв талбайд байгуулах шийдвэр гарч байв. Ийнхүү 1946 оны 7-р сарын 8-нд Ардын хувьсгалын 25 жилийн ойгоор хөшөөний нээлтийг хийсэн түүхтэй.

Хөшөөний эх загварыг уран барималч С.Чоймбол гаргаж, зураач Л.Намхайцэрэн, Д.Чойдог, барималч Н.Жамбаа, Д.Дамдиймаа, А.Даваацэрэн, Данзан, Нацаг, Лхамсүрэн нарын уран бүтээлчид хамтран бүтээжээ. Хөшөө нь нийт 12 метр өндөр бөгөөд үүнээс байц хадыг дүрсэлсэн суурь хэсэг нь 8 метр, морь унасан жанжны баримал 4 метр өндөртэй. Сүхбаатарыг дөрөөн дээрээ өндийн зогсоод баруун гараа өргөж, ард түмнээ шинэ ялалт амжилтад уриалан дуудаж байгаагаар дүрсэлжээ.

Хөшөөний нүүрэн талд “Бидний улс эв саналаа нэгтгэн нийт нэгэн хүчийг нийлүүлэн нэгэн зэргээр зориглон хөдөлбөөс, үл хүрэх газар үгүй бөгөөд мэдэхгүй, чадахгүй хэмээх явдал огт үгүй болж, цэнгэлийн манлайг олж болохыг дан ганц сэтгэлийн чин зориг мэднэ” гэх Д.Сүхбаатарын хэлсэн үгийг уйгаржин монгол бичгээр товойлгон сийлсэн байдаг.

Хөшөөг тойрсон 14 чулуун арсланг ардын уламжлалт ур маягийн дагуу хийж, төмөр гинжээр холбосон байдаг. Арслангуудыг холбосон ширмэн гинжийг тухайн үеийн Төмөрийн заводын дарга Г.Батсүх удирдан хийлгүүлжээ. Д.Сүхбаатарын шавар хөшөөний материалыг сайжруулж хүрэлдэх ажлыг 2010-2011 онд хийж гүйцэтгэсэн ба хүрэл хөшөөг нээх ёслол 2011 оны 3-р сарын 1-нд болсон юм.

Эх сурвалж: Сайн байна уу Улаанбаатар минь