Эх сурвалж:
www.isee.mn, eagle news
М.Тэргэл
2020.06.08
Улсын Их дэлгүүрт өчигдөр гарсан галыг унтраахад ОБЕГ-ын найман ангийн 96 албан хаагч газар дээр нь очиж ажиллажээ. Таван цаг орчим ажиллаж унтраасан түймрээс авто механик шат ашиглан зургаан давхраас таван иргэнийг аварсан байна. Албаны өгсөн мэдээллээр УИД-ын 6-р давхар бүрэн шатсан учраас таван давхар руу ус нэвчсэн. Дөрвөн давхраас доош гал ороогүй. Долоон давхар утаанд автсан байна. Одоогоор хохирлын хэмжээг тогтоох боломжгүй ч номын дэлгүүр, бэлэг дурсгал цахилгаан барааны тасагт байсан эд зүйлс шатаж их хэмжээний хохирол учирсан байна. Азаар гэмтэж бэртсэн хүн байхгүй, аврагчид түргэн шуурхай ажилласан ч энэ үйл явдал нийслэл хотод маань тулгамдаад буй хэд, хэдэн асуудлыг харууллаа.
ДЭЭД ТАЛ НЬ 9 ДАВХРААС ХҮН АВРАХ БОЛОМЖТОЙ АВТО МЕХАНИК ШАТ НИЙСЛЭЛД ГУРАВ БИЙ
Өндөр барилгад гарсан галыг унтраахад хамгийн түрүүнд шаардагдах зүйл бол нэгдүгээрт авто механик шат. Манай улсын хувьд авто механик шат нийслэлийн хэмжээнд гурван ширхэг байдаг бөгөөд 9 давхар хүртэлх давхарт хүрч ажиллах боломжтой. 12 давхар хүртэлх давхарт гарсан галд хүрэх боломжтой аж. Үүнээс өндөр барилгууд анх гарах Монгол Улсын хэмжээнд 50 метр хүртэлх урттай нэг шат Эрдэнэтэд байдаг аж. Улсын хэмжээнд гал унтраах зориулалттай нисдэг тэрэг байхгүй учраас өндөр барилгуудын стандарт, гал унтраах усан хангамжаа шийдсэн байх ёстой гэх шаардлагыг тавьдаг. Галын дохиолол, гал унтраагч, насос, усан хангамж гэх зэрэг иж бүрэн тоноглож, өөрийгөө аврах нөхцөлтэйгөөр баригддаг байна.
ИХ ДЭЛГҮҮР ДЭЭР ҮЕИЙН БАРИЛГА УЧРААС ОЙР ОРЧИМД НЬ ГАЛЫН ГИДРАНТ БАЙХГҮЙ
Өчигдөр гал унтраах ажиллагааны үед аврагчид галын гидрант буюу гал унтраах усан хангамжийг хайж хэд, хэдэн усны шугамыг онгойлгож байсныг телевизээр шууд дамжуулсан. Уг нь бол галын гидрант нь хот төлөвлөлтийн нэг хэсэг байж, байршлын мэдээлэл ажилладаг эсэх мэдээлэл нь тодорхой байх ёстой. Гал унтраах автомашины усны нөөц дуусахад гидрантыг ашиглан цаг алдалгүй галыг унтраах ёстой боловч өчигдрийн жишээнээс харахад аврагчид маань хайгаад ч олсонгүй. Нийслэлийн хэмжээнд 178 галын гидрант байдгаас 104 нь ажиллаж байна. Харин 104 нь ажиллах боломжгүй гэв. УИХ дэлгүүр хуучны барилга учраас галын гидрант байгаагүй. Сүүлийн үед ашиглагдаж байгаа гал унтраах автомашинууд ус хангамж сайтай болсон. Тиймээс өчигдөр усны хангамж сайн байсан гэх мэдээллийг албаныхан өгсөн юм.
ГАЛЫН ГИДРАНТ ГЭЖ ЮУ ВЭ?
Барилга байгууламж бүрт Галын гидрант, Галын шланг гэж олон янзаар нэрлэгддэг гал унтраах системийг төлөвлөдөг. Галын гидрант нь хамгаалалтын хайрцаг, хаалт, шланг, хошуу зэргээс тогтдог. Улс орны стандартаас хамаараад эдгээр Галын шланг өөр өөр байдаг. Галын шлангны системийн хамгийн чухал хэсэг бол хаалт/хавхлаг/ юм. Уг хаалтад холбогдох шлангны холболтын стандарт нь улс орноос хамаараад өөр өөр төрөлтэй байдаг. Гэвч Монгол улсын хэмжээнд барилга байгууламжид төлөвлөж байгаа Галын гидрантын системийн хаалт нь нэг тогтсон стандартгүй учраас гал түймэр гарах үед шлангний хошуу зөрөх зэрэг асуудал тулгардаг аж.