Богд хаант Монгол Улсын үед Богдхан уулыг албан ёсоор дархалснаас эхлэн жилд 2 удаа тахиж, тахилгын баяр ёслол нь 2 өдөр үргэлжилдэг бөгөөд эхний өдөрт нь тахилгын ёслол, дараа өдөрт нь Хан уулаа тахисны баяр наадам хийдэг байжээ. Богдхан уулын оргил Цэцээ гүнд 2 овоо байдаг бөгөөд зүүн талын овоог шашны, баруун талын овоог төрийн овоо гэж нэрлэдэг. Тус бүрд нь идээ будаа, бүтэн үхрийн мах, хэд хэдэн хонины махаар шүүс бэлтгэн тавьдаг байсан бөгөөд тэдгээр шүүсийг тавих цар нь 10 ханатай гэрийн тоонотой тэнцэхүйц том байжээ. Аймаг хошууд, ард иргэдээс өргөл барьцанд ирсэн цагаан идээ, айраг тараг зэргийг сарын өмнөөс Чулуутын аманд цуглуулж тахилгын өдөр тэмээнд ачин Цэцээ гүн рүү аваачдаг байжээ.
Богдхан уулыг тахих өдөр өглөө эрт нар гарахаас өмнө төрийн хаад ноёд тэргүүтэн Төрхурахын амыг өгсөн мориор очиж, Их хүрээнээс цогчин унзад, гэсгүй тэргүүтэй 50 гаруй лам, өвөр талаас Манзуширын хийдийн 40 орчим лам хувраг ирж тахилгын ном уншдаг байв. Эхлээд хааны зарлигийг уншиж, шар торгон дээр бичсэн өргөмжлөл, хуй торго зэргийг сангийн бойпорт хийж шатаана. Дараа нь хэргэм зэргийнхээ дагуу хадаг яндар барьж овоог нар зөв тойрон мөргөл үйлдэж идээнийхээ дээжийг барьж хүндэтгэл үзүүлнэ.
Богдхан уулыг дархалж хоёр оргилд нь “Гүн” цол шагнаж 50 лангийн цалин пүнлүү олгож байсан бөгөөд тахилгын үеэр уулын оройн хонгилд хадганд ороон хийдэг байжээ. Эргэн тойронд нь том бойпор болон 13 жижиг бойпор тойруулан тавьж их хэмжээний арц хүж уугиулан сан тавьдаг байсан бөгөөд арц хүжний үнэр, бүрээ бишгүүрийн дуу Богдхан уулаар таран цуурайтдаг байжээ. Тахилга тайлга дууссаны дараа тахилгын идээ, будаанаас 30 аймаг, 10 дацанд хүртээдэг байжээ.
Богдхан уулын савдагийг хүчирхэг Хангарьд шувуу, буга унасан Цагаан өвгөн хэмээн дээдэлж, Их хүрээний цам харайх үеэр муу хорлол бүхнийг дарагч хэмээн Хангарьд шувууг, ариун цагаан амирлангуйг авчрагч Цагаан өвгөн хоёрыг оруулж тоглуулдаг байжээ. Хожим Богдхан уулын тахилгад зориулж оройд нь найман талтай алтан ганжиртай сүм бариулж байнгын 2 лам сууж, зул хүж өргөдөг байсан хийгээд Богд уулын Цагдаа нар долоо хоногоор ээлжлэн эргэж тойрч зулын тос, хүнс залгуулдаг албатай байжээ. Өнөө үед Богд хан уулын тахилганд дээрхи ёс заншлаас зарим зүйл нь уламжлагдан үлдсэн байна.
Сурвалж: touristinfo.mn
Түүхэн товчоон:
Их Тэнгэрийн аманд байгаа хадны сүг зураг тэргүүтнийг үзэхэд лавтайяа аль хүрэл зэвсгийн үеэс хүн суурьшиж байсан ул мөр байдаг. Богд Хан Уул эртнээс бөө мөргөлийн шүтээн, тайлга тахилгын газар байсан бөгөөд 13-р зууны үеэс Хэрэйдийн Ван Хан Туулын Хар шугуйд нутаглаж байхдаа Хан Ууланд ан гөрөө хийх, гал хөс түлэхийг хориглодог байжээ.
Манжийн хаан Тэнгэрийг тэтгэсний 43-р он буюу нийтийн тооллын 1778 онд Их Хүрээний сайд ван Юндэндорж, харьяа түшмэл Санжаадорж нарын айлтгал бичгээр Богд Хан Уулыг зарлигаар тахиж байх болсон гэсэн түүхэн мэдээ байдаг. Дээрхи Юндэндорж ван болон Санжаадорж түшмэл нарын саналаар Богд Жавзандамба хутагтын цолыг Хан Ууланд өргөснөөр Богд Хан Уул гэх болсон гэдэг. Энэ уулын хоёр ноён оргилд Цэцээ гүн, Түшээ гүн гэсэн цол олгож, жил бүр улсын сангаас цалин пүнлүү олгодог байсан байна. Мөн энэ үеэс Богд Хан Ууланд Өмнийг Тэтгэгч Цагаан Лавай Дүнжингарав гэдэг нэрийг өгсөн гэдэг.
Богд уулын бараа харагдах газар хүн цаазаар авдаггүй байсан гэдэг. Тэнгэрийг тэтгэгч хааны зарлиг гарсны дараанаас 1779 оны шарагчин гахай жил Халх дөрвөн аймаг, шавь таваараа нийлэн тахиснаас хойш зарлигаар жилд хоёр удаа зун, намарт тахьдаг болсон гэдэг. Хувьсгалын жилүүдэд Хан Уулын тахилга тасалдсан байсан ч 1995 он Улаанбаатар хот үүсгэн байгуулагдсаны 365 жилийн ойгоор Цэцээ гүний оргилыг тайж, 1995 онд Монгол Улсын ерөнхийлөгч П.Очирбат Богд Хан Уулыг тайх санаачлагыг дэмжсэн зарлиг гарган., 2004 оноос Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн тахилгатай уулсын нэг болгож 5 жилд нэг удаа төрийн тахилга үйлдэх болсон.
Сурвалж: wikipedia.org