Нийслэл Хүрээнд “Бадарчын дов” хэмээх нэгэн газар байжээ. Энэ нь одоогийн МҮЭ-ийн соёлын ордны урдхан талд хуучин нүүдлийн кино театр гэж байсны орчим байсан аж. Бадарчны довын зүүн талд байсан Баруун Сэлбийн зүүн хэсэгт хашаагүй гэр хорооллыг “Засагт ханы задгай” гэдэг байжээ.
Өнөөгийн II төрхийн байрнаас баруун хойш Баруун Сэлбэ гол дээгүүр тавьсан гүүрийг “Зодоч нарын гүүр” гэдэг байв. Түүний баруухантаа “Тантанжалын дуган” гэж улааны урсгалын жижиг сүм байсан гэдэг. Уг сүмийн баруун урдах олон гэр, майхныг “бадарчин нарынх” гэдэг байжээ. Бадарчид алс газар явахдаа баруун хойд талынхаа дугуй хаалга хэлбэрт суварган доогуур шурган гардаг. Харийн нутгаас иргэд орон гэртээ орохын урд мөн л энэ суварган доогуур шурган ордог байжээ. Энэ зан үйл нь хүний нутгийн өвчин зовлон, хов жив, хэрүүл маргаан, аливаа муу зүйлийг гэр орондоо оруулахгүй хэмээн ариусаж буй хэрэг ажээ.
Тэдгээр бадарчин лам нарын дундаас Сайн ноён хан аймгийн Далайчойнхор вангийн хошууны харьяа Аюурзана гэгч бадарчин XIX зууны сүүлчээр бадарчлан Төвд, Итали, Герман, Орос орноор яваад төвд, итали, орос, эсперанто хэлний мэдлэгтэй болоод эргэж ирээд сургууль, боловсролын байгууллагад ажиллаж байсан гэдэг.
Мөн Сайн ноён хан аймгийн Үйзэн вангийн хошууны харьяат Чойдамба (1843-1928) 1861 онд 18 настайдаа Төвдөд зорчиж, тэндээсээ Пакистанаар дамжин мусульман шашинд орон Арабын Мекка, Медина хотоор мөргөл үйлдэн явсаар 1904 онд Арабаас хоёр тэмээтэйгээр төрөлх нутагтаа иржээ. Тэрээр араб хэлээр гарсан Монголын түүхийн холбогдолтой олон боть ном авчирчээ.
Сурвалж: touristinfocenter.mn