Н.Алтаншагай: I хорооллын 32 дугаар байрны баруун талд барьж буй ногоон байгууламжийн тохижилт есдүгээр сарын 10-нд дуусна

 Эх сурвалж: Б.Билгүүн, www.ikon.mn, 2021.08.25









Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/250 дугаар захирамжид иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам, талбайн хүрэлцээ, хангамжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах, тохижилтын ажил гүйцэтгэх боломжийг бүрдүүлэх зорилгоор газрын зөрчил арилган, газар чөлөөлөх байршлуудыг батлахаар заасан.

Тус захирамжийн дагуу Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Хот байгуулалт, хөгжлийн газар болоод дүүргийн Засаг дарга нар хамтран чөлөөлөх боломжтой байршлуудыг тогтоон, чөлөөлж, тохижилт, ногоон байгууламжийн ажлыг үе шаттайгаар хийж байна.


Одоогийн байдлаар төвийн зургаан дүүргийн 270 байршлын 26,822 ам метр газрыг чөлөөлөөд байгаа юм. Сонгинохайрхан дүүрэгт газар чөлөөлсөн байршлуудад тохижилт, ногоон байгууламжийн ажил хэрхэн хийж байгааг сурвалжиллаа.


Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт 0.9 га нийтийн эдэлбэр газрыг чөлөөлж, 32 дугаар байрны баруун талд зөвшөөрөлгүй барьсан 132 чингэлэг, гараашийг буулгалаа. Газар чөлөөлсөн талбайд 1,800 ам метр явган хүний зам, 3,996 ам метр талбайд ногоон зүлэг тарьж, үерийн далан сувгийн аюулгүй байдлыг хангах зорилгоор 600 ам метр эко хавтан суурилуулсан.


Мөн тус талбайд 1.8 метр өргөнтэй 520 метр урт дугуйн зам барих ажил үргэлжилж байна. Тохижилтын ажил есдүгээр сарын 10-нд дуусна гэдгийг Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай хэлж байв.


Түүнчлэн тус дүүргийн 38-р хорооны “Залуус” хорооллын гадна талбайн хуучны объектуудыг буулган, газрыг чөлөөлжээ. Газар чөлөөлсөн 1,400 ам метр талбайд 50 автомашины зогсоол байгуулахаар ажиллаж байгаа бөгөөд ирэх есдүгээр сард ашиглалтад оруулах юм.


Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай “I хорооллын ард талын зам дагуу зөвшөөрөлгүй барьсан 815 гарааш байгааг буулган, газар чөлөөлөхийн тулд тухайн хэсэгт үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгж, хувиараа хөдөлмөр эрхлэгчидтэй сайтар ярилцан, зөвшилцөх хэрэгтэй. Шууд хүчээр газар чөлөөлж болохгүй тул ажлын байрыг нь хадгалж үлдэх чиглэлээр тооцоо, судалгаа хийж байна” хэмээлээ. 


I хорооллын арын зөвшөөрөлгүй гараашийг буулгавал хүүхдийн тоглоомын талбай, явган хүний зам, дугуйн замтай тохижилт, ногоон байгууламж хийхээр төлөвлөжээ.


Сонгинохайрхан дүүрэгт хийсэн бас нэг томоохон тохижилтын ажил бол 33-р хороонд байрлах Цагдаа толгойн цэцэрлэгт хүрээлэн юм. Тус цэцэрлэгт хүрээлэнгийн бүтээн байгуулалт 2019 оноос эхэлсэн бөгөөд нийт дөрвөн га талбайд тохижилтын ажил хийн, ирэх аравдугаар сард ашиглалтад оруулахаар ажиллаж байна.


Цэцэрлэгт хүрээлэнгийн бүтээн байгуулалтад 750 метр дугуйн зам, 100 машины зогсоол, хүүхдийн тоглоомын талбай, сагсан бөмбөг, хөл бөмбөгийн талбай, худаг зэргийг цогцоор нь шийдсэн. Түүнчлэн 1,500 орчим нарс, хайлаас суулган, 22 мянган ам метр талбайг зүлэгжүүлэх ажлыг хийн, ногоон байгууламжийн усалгааны системийг суурилуулжээ.

Энэ мэтчилэн нийслэлийн хэмжээнд зөвшөөрөлгүй барьсан гарааш, объект, хашаа хайсыг буулган газар чөлөөлөх ажил үргэлжилж байна. Чөлөөлсөн газруудыг нийтийн эдэлбэр газраар бүртгэн, тодорхой байршлуудад тохижилт, ногоон байгууламжийн ажлыг үе шаттайгаар хийх юм.


Эх сурвалж: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс