Эх сурвалж: Т.Саран, www.ikon.mn, 2021.08.23
Нийслэлд авто замын засварын ажил ид өрнөж буй. Энэ хүрээнд явган хүний зам, авто замын хашлагыг ихээр сольж байна гэсэн мэдээллийг иргэд сошиал орчинд нийтэлж, эсэргүүцлээ илэрхийлсээр байна.
Энэ талаар НАЗХГ-ын зам засвар, ашиглалтын хяналтын хэлтсийн дарга Д.Ганбатаас тодрууллаа.
Тэрбээр "Арчлалтын ажлын хүрээнд зам засварын ажил хийгдэнэ үү гэхээс Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө гэдэг юм уу том талбайгаар замын хашлага, бродюрыг нийтэд нь сольсон зүйл байхгүй.
Сошиал орчинд сарын өмнө авто замын хашлага сольсон мэдээллийг хүмүүс харсан байна. Нэг хүн гудамжаар явж байгаад өөрт нь төвөгтэй санагдвал хашлага сольж байна гэсэн зураг нийтэлдэг. Баруун болон Зүүн дөрвөн замын ээлжит засварын ажил дээр гэхэд хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулаад явган хүний замыг засаад хэвтээ тэмдэг тэмдэглэгээ, хөдөлгөөний аюулгүй байдлыг нь хангах ажил хийжээ гэдэг мэдээллийг иргэд дахин сошиал орчинд тавьдаггүй.
Улаанбаатар хотын гудамж замуудад урсгал болон ээлжит засвар хийх шаардлага байдаг. Үүний дагуу гудамж замыг 20-30 хоногийн хугацаанд хааж болохгүй. Тиймээс шөнийн цагаар инженерийн шугам сүлжээний ажлууд, цахилгаан, дулаан, цэвэр усны шугамын ажил хийгддэг. Өдрийн цагаар авто замын хашлага солих, явган хүний замын хуучин хавтанг хуулах зэрэг авто зам руу орохгүй байх бэлтгэл ажлыг хийдэг.
Хотын гол замуудад байгаа авто замын чулуун хашлагыг солиогүй
Нарны замын хажуу талын хашлагыг сольж байгаа. Энэ нь замын цагдаагийн хажуу талын гүүрэн гарцтай холбоотой. Гүүрэн гарц нь олон улсын төслөөр хийгдэж байгаа. Нарны замын доод талын зүүн, баруун эргэлт аль хүртэл хязгаартай вэ гэдэг нь ажлын зурган дээр заагдсан. Тухайн хэсэг дээрээ ус зайлуулах шугам сүлжээний ажил, замын хучилтыг дахиж хийнэ. Энэ мэтчилэн дуусаагүй ажил дээр замын хашлага, бродюр солилоо гэж ярьж байна. Гэрэлтүүлгийн кабелийн шугам сүлжээний ажлын хүрээнд авто замын хашлагыг түр авсан тохиолдол байгаа.
Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө, Бага тойруу зэрэг хотын гол замуудад ихэвчлэн авто замын чулуун хашлага бий. Уг хашлагыг мөн л солиогүй. Ээлжит засварын ажил хийх явцад тухайн хашлагыг хуулж аваад өргөх, түвшинд буцааж тааруулж тавих шаардлага байдаг. Авто замын хашлага 15 сантиметр ил цухуйсан байгаа. Ээлжит засварын ажлыг гурав, дөрвөн сантиметрээр хийвэл авто замын хашлага далд орох, зам тээврийн осол гарах зэрэг эрсдэлтэй.
Зам гэдэг нь хэвтээ барилга. Байнгын элэгдэл гардаг. Шинээр барьсан замын хувьд эхний гурван жилийн хугацаанд гүйцэтгэгч баталгаат засварыг хариуцдаг. Гурваас таван жилд нь бид урсгал засвар, гагнаас, нөхөөс зэрэг урсгал засварын ажлыг хийдэг. Найман жилээс дээш болох юм уу ашиглалтын байдлаас хамаараад ээлжит засвараа хийх хэрэгтэй болдог.
Зам тээврийн осол аваараас болж унасан, цас мөсний цэвэрлэгээний бодисоос болж халцарсан замын хашлагыг солих биш нөхөж тавьдаг. Үзлэг шалгалтын хүрээнд байхгүй болсон хашлагыг засаж шинэчлэх, солих ажлыг хийдэг. Явган хүний замын тухайд нөхөж арчлах ажил явагддаг. Түүнээс биш олон жил болсон гээд бүгдийг нь хуулдаггүй" гэлээ.