Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо загвар цэцэрлэгтэй боллоо

 Эх сурвалж: ikon.mn, 2022.01.11





Нийслэлийн 171 хорооноос 18 нь хорооныхоо нутаг дэвсгэрт цэцэрлэггүй гэсэн судалгаа бий. 


Эдгээр хороонд цэцэрлэг байгуулж, сургуулийн өмнөх боловсролын хүртээмжийг үе шаттайгаар сайжруулахыг БШУЯ зорьж буй. Энэ хүрээнд тус яам болон НҮБ-ын Хүүхдийн сан, Баянзүрх дүүргийн ЗДТГ хамтран 17 дугаар хороонд 100 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэгийг барьж ашиглалтад орууллаа.


Энэхүү цэцэрлэг нь бага насны хүүхдийн цогц хөгжлийг дэмжсэн загвар цэцэрлэг бөгөөд цэцэрлэгийн барилга нь дотоод орчны агаарын чанар, аюулгүй байдлыг хангасан хүүхдэд ээлтэй орчныг бүрдүүлж байгаа онцлогтой. Мөн цэцэрлэгийн халаалтыг цахилгаанаар шийджээ.

НҮБ-ын Хүүхдийн Сангаас БШУЯ-тай хамтран 2018 оноос Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны Бага насны хүүхдийн хөгжлийн стратегийг боловсруулж туршиж 2019 онд дүүргийн хэмжээний стратеги болгон өргөжүүлсэн. Үүний үр дүнд бага насны хүүхдийн хөгжилд эрүүл мэнд, хоол тэжээл, боловсрол, асаргаа халамж, хамгааллын ач холбогдлын тухай эцэг эхчүүдийн ойлголт нэмэгдсэн юм.


Ташрамд дурдахад, Баянзүрх дүүрэгт 2-5 насны 35.6 мянган хүүхэд амьдарч байна. Одоогоор тус дүүрэгт төрийн өмчийн 45, төрийн бус өмчийн 145 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд цэцэрлэгийн насны нийт хүүхдийн 79 хувь нь хамрагдаж байна.