Эх сурвалж: gogo.mn, 2022.01.27
Өнгөрсөн жилийн хугацаанд цар тахлын улмаас дэлхий даяар бүтээн байгуулалтын төслүүд зогсож, хүнд хохирол амссан цаг үе байсан. Цар тахлын нөхцөл байдлаас болж хүндрэлтэй цаг үе тохиосон ч Нийслэлийн шинэ удирдлагын баг өнгөрсөн нэг жил нөхцөл боломжоо дайчлан ажиллажээ.
Сургууль, цэцэрлэг буюу хүүхэд, өсвөр үед чиглэсэн бүтээн байгуулалт
Сургууль, цэцэрлэгийн хүрэлцээг нэмэх чиглэлд анхаарч, сургууль, цэцэрлэгийн барилгуудыг шинээр барьж, стандартад нийцүүлэх замаар хүүхдүүдэд сургуулийн орчноос ирдэг нөлөөллийг эерэг болгохыг зорьсон байна.
Өнгөрсөн нэг жилийн хугацаанд нийслэлд (2020 оны IV улирлаас 2021 оны гуравдугаар улирал) найман сургууль, нэг сургуулийн өргөтгөл ашиглалтад оров. Цэцэрлэгийн тухайд (2020 оны IV улирлаас 2021 оны III улирал) 23 цэцэрлэг, дөрвөн цэцэрлэгийн өргөтгөл ашиглалтад орлоо.
Авто зам, гэр хорооллын дахин төлөвлөлт буюу насанд хүрэгчдэд чиглэсэн бүтээн байгуулалтууд
Оргил цагуудад авто зам дээр үүсдэг түгжрэл, өвлийн улиралд үүсдэг утаа үүнд том хувь нэмэр оруулж буй. Энэхүү нөлөөллийг бууруулах чиглэлээр нийслэлээс өнгөрсөн нэг жилийн хугацаанд авто замын сүлжээг өргөтгөх, гэр хорооллыг дахин төлөвлөж барилгажуулах чиглэлээр багагүй ажлыг хийсэн байна.
2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн байдлаар:
16 байршилд нийт 20.9 км шинэ зам
8 байршилд 32.6 км дугуйн зам,
2 байршилд 577 метр урт гүүр
12 байршилд 26736 м2 явган зам,
-Хотын гол болон туслах 176 гудамж замуудад 45 000 м2 нөхөөс, 32 гудамжинд 300 000 у/м, гэр хорооллын замын 120 000 м2 талбайг хусаж тэгшлэх, 20 000 м2 тэмдэглэгээ, гүүрэн гарцын 101 у/м хэв гажилтын заадас, 20 у/м гүүрийн төмөр бетон хайс засвар, 198 м ус зайлуулах шугамын ажил бүрэн дуусжээ.
Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл нь газар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигч болон хувийн хэвшил, нийслэл гурван талаас зөвшилцөн, гэрээ байгуулж, нэг зорилгын дор нэгдэж чадсанаар хэрэгжих нөхцөл бүрддэг. Төсөл хэрэгжсэн нийт хугацаанд 2073 нэгж талбарын газрыг чөлөөлж 10740 айлын орон сууцыг ашиглалтад оруулсан байна. Харин өнгөрсөн нэг жилийн хугацаанд 174 нэгж талбарыг чөлөөлж, 453 айлын орон сууцыг ашиглалтад оруулжээ.
“Өглөөний Улаанбаатар” төслийн хүрээнд “Цагийн хязгаартай автомашингүй гудамж” бий болгохыг зорьсон бөгөөд Жуулчны гудамжинд байгуулсан нь залуучууд төдийгүй иргэдийн талархлыг хүлээгээд буй.
Дээрх гудамж ашиглалтад орсноор тус газар үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд 06:00-23:30 цагийн хооронд ажилладаг болж, үйлчлүүлэх хүний тоо, орлогын хэмжээ ч өссөн байна. Хотын дарга дүүрэг бүрд ийм жишиг гудамж байгуулахыг үүрэг болгосон.
Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс