2021 оны эцэст дотоодын инфляц улсын хэмжээнд 13.4%, нийслэлд 14.8% хүрсэн талаар Үндэсний статистикийн хороо мэдээлсэн.
Улаанбаатарын инфляцын дийлэнх хэсэг буюу 82% нь дараах 5 төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийн нөлөөгөөр тайлбарлагдаж байна. Тухайлбал:
Хүнсний бүтээгдэхүүн (махнаас бусад)-ий үнийн өсөлт УБ-ын 14.8% инфляцын 4 орчим нэгж хувь буюу ⅓-ийг дангаараа тайлбарлаж байна;
Mахны үнийн өсөлт инфляцын бүрэлдэхүүнд 2.4 нэгж хувь,
Шатахууны үнийн өсөлт инфляцын бүрэлдэхүүнд 2.19 нэгж хувь,
Импортын барааны үнийн өсөлт инфляцын 1.89 нэгж хувь
Хатуу түлш 1.65 нэгж хувийн нөлөөг тус тус үзүүлсэн байна.
Харин хэрэглээний сагсанд багтдаг бусад 300 гаруй төрлийн бараа үйлчилгээний үнийн өсөлт нийлбэр дүнгээрээ 14.8% инфляцын 2.7 нэгж хувь буюу ердөө ⅕-ийг л бүрдүүлжээ.
Цар тахлын үед дэлхийн олон улс оронд инфляц сүүлийн 10-40 жилийн дээд түвшинд хүрсэн бөгөөд, үнийн өсөлтийн шалтгаан нь хоорондоо төстэй байна:
Шатахууны үнэ: Цар тахлын эхэнд $40-оос бага байсан нефтийн үнэ олон улсын зах зээл дээр $90/баррель дөхсөнөөр шатахууны жижиглэнгийн үнэ АНУ, Евро бүсийн орнууд, Япон, БНСУ-д хурдтай өсөөд буй.
Хүнсний үнэ: НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын мэдээлснээр дэлхийн хүнсний үнийн индекс жилийн дүнгээр 25% өсжээ. Энэ нь дэлхий даяар мах, үр тариа, тос, сүүн бүтээгдэхүүн зэрэг өргөн хэрэглээний хүнсний үнэ хурдтай өссөнийг илэрхийлж байна.
Импортын барааны үнэ: Ачаа тээврийн гол портууд дээрх гацаа, түгжрэл, тээвэр ложистикийн саатал нь олон улсын худалдаанд сөргөөр нөлөөлж, нийлүүлэлт саатсанаар эцсийн хэрэглэгчид хүрэх импортын барааны үнийг хурдтай өсгөжээ.
Дэлхий даяар инфляц хурдтай нэмэгдэж, төв банкуудын зорилтот түвшнээс даваад буй ч үнийн өсөлтийн гол шалтгаан болох нефтийн нийлүүлэлт, хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл болон тээвэр ложистикийн асуудлыг мөнгөний бодлогоор шийдвэрлэх аргагүй байгаа юм.