Залуус архидалтын эсрэг нэгдэж, Төв талбайд болсон "Open mic" арга хэмжээнд оролцлоо

Эх сурвалж: ikon.mn. 2022.03.18


Монголын Залуучуудын холбооноос "Баярыг архидалтгүй тэмдэглэе" аян зохион байгуулж буйг "The Open Mic Mongolia"-ын хамт олон дэмжиж өнөөдөр Д.Сүхбаатарын талбайд арга хэмжээгээ зохион байгууллаа.


Арга хэмжээнд оролцохоор 40 орчим залуус бүртгүүлснээс 20 нь тайзан дээр гарахаар болсон юм. Салхийг хагалж жүжигчин Ж.Мөнгөнсүх "Өнчин улиас" дууг дуулан, архинаас татгалзахыг залууст уриалсан юм. 


Монголын Залуучуудын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Цэнд-Аюуш "Монголын Залуучуудын холбооноос 2012 оноос эхлэн архинаас татгалзах уриалгыг залууст дэвшүүлж, Спирт үү, Спорт уу аяныг өрнүүлж байсан. Харин Монгол Улсын Ерөнхийлөгч гуравдугаар сарын 14-нд бүх нийтээрээ архитай бүх нийтээр тэмцэх уриалга гаргасан нь бидний зорилттой нийцэж байгаа тул "Архидалтгүй баяр" хэмээх аяныг өнөөдрөөс эхлүүлж байна" гэлээ.


"The Open Mic Mongolia" арга хэмжээг санаачлан зохион байгуулагч Д.Энхтайван "2009 оноос эхлэн бид долоо хоног бүр "Open Mic" арга хэмжээг зохион байгуулсаар байгаа. Энэ хугацаанд нийт 800 гаруй удаа болсон.


Сүүлийн хоёр жилд олон нийтийн сүлжээнд илүү идэвхтэй, мөн өөрсдийн гэсэн тоног төхөөрөмжтэй болсноос хойш гудамж талбайд арга хэмжээгээ хийдэг болсон юм. Бид дуулах дуртай, дуу хийх хүсэлтэй залуустаа зориулж, бэлтгэлийн үнэгүй байр засаж байна. Тэнд залуус маань уран бүтээлээ хамтраад хийж болно. 


"Open Mic" бол өөрийгөө илэрхийлэх боломжийг олгодог" гэлээ.