Эх сурвалж: ikon.mn, 2022.03.21
Монгол Улсын Ерөнхий сайдын санаачилгаар “Илүүдэл жингүй эртэч Монгол” аяныг улс орон даяар өрнүүлээд багагүй хугацаа өнгөрч байна. Иргэдийг идэвхтэй дасгал хөдөлгөөнд уриалсан энэхүү аяны хүрээнд хоёрдугаар сарын 16-наас зургадугаар сарын 1-н хүртэл орон даяар спортын заал, танхимыг 06:30-07:30 цагийн хооронд үнэ төлбөргүй болгосон. Аян нийслэл Улаанбаатар хотод хэрхэн өрнөж байгааг Нийслэлийн Биеийн тамир, спортын газрын Спорт, нийтийн биеийн тамирын хэлтсийн дарга А.Болдмаагаас тодрууллаа.
-“Илүүдэл жингүй эртэч Монгол” аянд хүмүүс хэр идэвхтэй оролцож байна вэ?
-Дэлхий нийтийг хамарсан цар тахлын нөлөөгөөр сүүлийн хоёр жилд хүмүүс хөдөлгөөний дутагдалд орж, эрүүл мэнд нь доголдоход хүрсэн энэ цаг үед “Илүүдэл жингүй эртэч Монгол” аяныг хэрэгжүүлж байгаа нь нэн чухал хэрэг боллоо. Хүмүүсийн илүүдэл жинг багасгах, эрүүл мэндийг нь бэхжүүлэхэд хувь нэмэр өгөх энэхүү аянд манай ард түмэн идэвхтэй оролцож байна. Аян эхэлснээс хойших 14 хоногийн хугацаанд улс даяар 200 гаруй байгууллага, 50 мянган иргэн нэгдсэн. 126 спорт заал, фитнес клуб, танхимд дасгал хөдөлгөөн хийж байгаа.
Нийслэлийн хэмжээнд Биеийн тамир, спортын газар болон дүүргүүдийн спорт хороод идэвхтэй оролцож байна. Нийслэлийн есөн дүүргийн 16 спорт заал, 30 гаруй танхимд аянд нэгдсэн 16 мянга гаруй иргэн цуглаж, өглөөний дасгал хийж байгаа. Өдөр тутам 6-8 мянган иргэн спорт заалаар үйлчлүүлдэг. Өнөө өглөө л гэхэд 6,682 иргэн хамрагдсан байна.
Үүнтэй зэрэгцэн маш олон спортын тэмцээн уралдаан, өдөрлөг зохион байгуулна. Дулааны улиралд нийтийн эзэмшлийн талбай, цэцэрлэгүүдэд дасгал хөдөлгөөн хийх боломжоор хангасан байдаг. Нийслэлд 35 байршилд иргэд цуглаж идэвхтэй дасгал хөдөлгөөн хийж заншсан. Энэ жил 50 байршил болгож нэмэгдүүлэх юм.
Мөн төр, захиргааны байгууллагынхан болон ажлын онцлогоос шалтгаалж өглөөдөө дасгал хөдөлгөөн хийж амжихгүй байгаа албан хаагчдад зориулж ажлын байрны дасгал хийлгэх ажлыг өргөн хүрээнд зохион байгуулдаг. Ажлын байрны дасгалыг 2008 оноос нэвтрүүлсэн.
-Өглөөний 06:30-07:30 цагийн хооронд спорт заалаар үнэ төлбөргүй үйлчилж байгаа нь хэр оновчтой шийдэл болсон бэ?
-Тамирчин хүн тэмцээнд орохын өмнө бие халаалт хийж бэлтгэдэгтэй адилхан өглөөний дасгал хөдөлгөөн хийснээр хүмүүс ажил хөдөлмөр, хичээл сургуульдаа биеэ бэлдэж байна гэсэн үг. Цаг заваа зохицуулаад оролцож буй иргэдийн тоо 50 мянга гаруйд хүрсэн гэхээр цагийн хувьд боломжийн хувилбар гэж харагдаж байгаа. Аяны маань урианд ч эртэч монгол болохыг тодотгож байгаа шүү дээ.
06:30-07:30 цагийн хооронд спорт зааланд очиж биечлэн дасгал хийх боломжгүй хүмүүс цахимаар оролцож болно. Тухайн цаг мөчид ажилдаа ирдэг, хүүхдээ сургууль, цэцэрлэгт хүргэдэг хүмүүсийг өдрийн бусад цагт ажлын байрны дасгал хөдөлгөөн хийх боломжоор хангаж байгаа. Нийслэлийн хэмжээнд ERP системээр дасгал хөдөлгөөн хийх заавар илгээдэг. Энэ нь ажлын байран дээрээ тодорхой цагуудад дагаж хийх боломжтой дасгалууд юм.
-Нийслэлийн хэмжээнд нийтийг хамарсан ямар ямар спортын тэмцээн уралдааныг энэ жил зохион байгуулах вэ?
-Нийслэлийн хэмжээнд “Алхацгаая, гүйцгээе” хөдөлгөөнийг дөрөвдүгээр сард эхлүүлнэ. Энэ хөдөлгөөн арваннэгдүгээр сар хүртэл үргэлжлэх юм. Түүнчлэн ирэх дөрөвдүгээр сарын 2-ны өдөр нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын албан хаагчид дунд “Хаврын баяр” спортын тэмцээн уралдааныг зохион байгуулна. Нийслэлийн Биеийн тамир, спортын газраас цэцэрлэгийн хүүхдийн уран хөдөлгөөнт гимнастикийн тэмцээнийг зохион байгуулна. Нийтийг гимнастикийн дасгал хөдөлгөөнөөр чийрэгжүүлж, эрүүлжүүлэх “Гимнастрада” арга хэмжээг нийслэлийн хэмжээнд тогтмол явуулсан.
Өнгөрсөн жил л гэхэд цахимаар зохион байгуулж, 9,700 гаруй иргэн оролцсон. Энэ жилийн хувьд тавдугаар сард багтаан зохион байгуулна. Нас, насны ангиллаар 12 төрлийн дасгал хөдөлгөөнийг иргэдэд санал болгож байгаа.
Түүнчлэн энэ онд олон улсын “Улаанбаатар марафон”-ыг тавдугаар сард зохиохоор төлөвлөж байна. Монголын Хөл бөмбөгийн холбоотой хамтран нийтийн хөл бөмбөгийн фестиваль явуулна. Нийтийн гэсэн тодотголтой тэмцээнд спортын зэрэг цолгүй иргэд оролцох боломжтой гэсэн үг.
Мөн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд Нийслэлийн Засаг даргын нэрэмжит “Сурагчдын лиг”-ийг сагсан бөмбөг, волейболын төрлөөр зохион байгуулж байна.
-Дасгал хөдөлгөөн хийх, спортоор хичээллэхийн ач тусыг товчхон тайлбарлахгүй юу?
-Хөдөлгөөний дутагдлаас үүдсэн маш олон төрлийн өвчлөл байдаг. Манай улсын хувьд нас барагсдын дөрвөн хүн тутмын нэг нь халдварт бус өвчний улмаас нас бардаг гэсэн тоо бий. Хоол боловсруулах систем, амьсгалын замын болон үе мөчний өвчнүүд хөдөлгөөний дутагдлаас үүдэлтэй байдаг. Тэгэхээр хүн хөдөлгөөн хийснээр олон төрлийн өвчнөөр өвдөхгүй байх бололцоотой. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас өдөрт 60 минут идэвхтэй хөдөлгөөн хийснээр хүний бие организм сэргэж байдаг гэж үзсэн байдаг.
Эх сурвалж: Нийслэлийн сургалт, судалгаа, олон нийттэй харилцах хэлтэс