Эх сурвалж: ikon.mn, 2022.03.26
Украин улсад явуулж буй дайныг эсэргүүцсэн иргэд өнөөдөр ОХУ-ын Элчин сайдын яамны байрны гадна тайван жагсаал анх удаа зохион байгууллаа.
Дайныг эсэргүүцсэнээс гадна ОХУ-ын Элчин сайдын Яамны сошиал хуудсанд нийтлэгдсэн зохисгүй мэдэгдэлтэй нь холбоотойгоор элчин сайд И.К.Азизовыг Монгол улсаас гарч явахыг иргэд шаардсан байна. Тус ЭСЯ-наас гуравдугаар сарын 24-нд "Монголын Ардчилсан Намын гишүүд болон АНУ-ын либерал ноёрхлыг дэмжигчдийн анхааралд" гэсэн пост нийтэлсэн нь суугаа орныхоо дотоод хэрэгт оролцсон хэмээн иргэдийн шүүмжлэлийг дагуулж, Монгол Улсын Гадаад харилцааны яам ноот бичиг хүргүүлэхээ мэдэгдээд буй.
Жагсаалд иргэд сайн дураараа нэгдэж, Украин болон Монгол улсын далбааг барин ЭСЯ-ны байрыг тойрч, дайныг эсэргүүцэж байгаагаа илэрхийлээд "Халуун элгэн нутаг" дууг дуулсан юм.
Өмнө нь Монгол дахь Украин улсын иргэд дайныг эсэргүүцэн жагсаж байсан бол монголчууд анх удаа сайн дураараа ийнхүү тайван жагссан бөгөөд Сүхбаатар дүүргийн цагдаагийн албан хаагчид аюулгүй байдлыг ханган ажиллажээ.
1921 оноос хойших Монголын түүхэнд энэ үйл явдал шинэ хуудас нэмж байгааг зарим хүмүүс онцолж байна.
Энэ талаар жагсаалд оролцсон иргэд олон нийтийн сүлжээнд байр сууриа илэрхийлцгээснийг түүвэрлэн хүргэлээ.