Ажлын байрны баталгаандаа санаа зовнисон төрийн үйлчилгээний ажилтнууд тайван жагсав

Эх сурвалж: ikon.mn. 2022.03.17


Төрийн үйлчилгээний ангилал зэрэглэлийн ажилчдыг хувийн хэвшил рүү шилжүүлэхийг Төрийн үйлчилгээний албан хаагчид эсэргүүцэн Д.Сүхбаатарын талбайд өнөөдөр тайван жагсаал зохион байгууллаа.


ТҮ-1-3 зэрэглэлээр цалинждаг ажилтнуудын ажлын байрны баталгаа, нийгмийн хамгааллын асуудал хүндэрч байгаа талаар өчигдөр Монголын Боловсрол, шинжлэх ухааны ҮЭ-ийн холбооноос мэдээлэл хийх үеэр МҮЭ-ийн холбооны ЕНБД Х.Буянжаргал "Орон нутагт цалингаа бүтэн авч чадаагүй, ажлын байрны баталгаандаа санаа зовниж байгаа тухай санал гомдол ирүүлэх болсон талаар мэдээлэл өгөөд, өнөөдөр МБШУҮЭХ, Сургуулийн өмнөх ҮЭ-ийн хороо, МҮЭ-ийн холбооноос хамтарсан тайван жагсаал хийх болсон" гэдгийг хэлсэн. 


Ийнхүү тэд өнөөдөр тайван жагсаал зохион байгуулав.


УИХ-ын 2020 оны 12 дугаар сарын 24-ний хуралдаанаар Монгол улсын Засаг, захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20.1.18 дугаар заалтад орон нутгийн өмчийн боловсрол, эрүүл мэнд, нийгэм, соёлын байгууллагуудын тухай хууль энэ оны 1 дүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэнтэй холбогдож дээрх ажилтнуудын цалин хөлс хугацаандаа олгогдохгүй, сэтгэл санааны хүнд нөхцөлд орсон гэдгийг зохион байгуулагчдын зүгээс онцлов.


Жагсаалд оролцогчдын төлөөлөл "Төрийн үйлчилгээний ажилчдыг боловсролын салбартаа авч үлдэхийн тулд өнөөдөр тайван жагсаалд оролцож байна. Тогооч нар байхгүй бол хүүхдүүд маань хоол цайгүй болно. Жижүүр байхгүй бол мөн л хэцүү" гэв. 


"Төрийн үйлчилгээний ажилчид 470-570 мянган төгрөгийн үндсэн цалин авч ажилладаг бөгөөд 50-аас дээш насныхан ихэнх хувийг нь эзэлдэг. Улаанбаатар хотод гэхэд 266 цэцэрлэгийн 3,399 ажилчин үүнд хамрагдахаар байгаа юм. Ингэж шилжихээр ажлын байрны баталгаа алдагдах, нийгмийн хамгаалал алдагдаж амьдрал нь дордоно. 30 гаруй жил улсад ажиллачхаад өнөөдөр хашаагүй, орон гэргүй олон хүн ажиллаж байгаа. Тэтгэвэрт гарахад хэдхэн жил дутуу хүнийг хаана ажилд авах вэ" хэмээн Сургуулийн өмнөх боловсролын ҮЭ-ийн нэгдсэн хорооны дарга Д.Саранцэцэг хэлж байсан удаатай.